Монгол дээл ба загварын чиг хандлага

2010-12-20 14:03

                 Энэ жил дээлний загвар богино даашинз шиг болж өөрчлөгджээ. Нарийн шилбэ, гоёлын шигтгээ, торгон оруулга таны дээлийг улам дэгжин харагдуулна-
                    Хавар сайхан улирал.  Удтал нуугдсан цэцэгс дэлбээгээ нээх хавар цагийн өнгийг нэмж охид төгсөлтийн баяраараа гангарах дуртай. Хэдийнээс бий болсныг нь мэдэхгүй ч баяраараа ихэвчлэн үндэсний загвартай дээл, даашинзаар тэд гоёдог. Анх энгийн загвартай дээлэн дээр ромбо зүүдэг байсан бол хувцас загварын ертөнц хөгжихийн хэрээр энэ жишиг үгүй болжээ. 2007 онд охид ихэвчлэн загасан хормойтой урт дээлээр гангарчээ. Гэхдээ торгон дээлний хормой нь гоёлын атласаар үргэлжилж элдэв чимэг ихтэй нүсэр гоёл сонгодог байж. Өнөөдөр тэдгээр загварыг харахад хэтэрхий эртний мэт санагдав.
Богино даашинз шиг хэлбэртэй дээл дэгжин харагдуулна. Хонхны баяр болон хуримын ёслолд зориулсан үндэсний загвартай даашинз урласан байна. Тэдний хийсэн дээл гар чимэглэл шаарддаг онцлогтой. Өнгөрсөн жилийн хувьд хар өнгө, өргөн эмжээртэй загвар илүү ноёлож байсан бол энэ онд тод өнгийн богино, даашинз шиг загвартай дээл моодонд орж буй. Улаан, номин цэнхэр, тод шар гэх мэт гэгээн өнгө дээлний загварт түлхүү орох болжээ.
Дээлний захны загвар бараг өөрчлөгддөггүй аж. Үндэсний гэх бүхий л онцлог нь заханд шингэсэн байдаг учраас тэр. Харин охид нарийн урт шилбэ, товч сонгох болжээ. Хормойны хувьд өвдөгнөөс дээгүүр урттай байх юм. Түүнчлэн дээгүүрээ бариу, дундуураа өргөн, төгсгөлдөө нарийссан вааран хэлбэртэй хормой сонгох нь элбэг болсон байна. Мөн богино, дэрвэгэр хормойтой дээл ч хийлгэх болжээ. Гэхдээ хамгийн сонгодог нь бие барьсан шулуун загвар.
Өргөн бүсний хэв шинжийг торгоор харуулж, даашинзанд оруулга хийх нь элбэгшсэн байна. Энэ нь эмэгтэй хүний бэлхүүсийг тодруулж, дэгжин харагдуулдаг.
Сүүлийн үед “Swarovski” мэтийн гоёлын шигтгээгээр дээлээ чимэглэх болжээ. Торгоны элдэв ганган хээг гоёлын шигтгээгээр гараар урлаж давтагдашгүй загвар бий болгож эхэлсэн аж.
Мөн ханцуй, зах, мөргүй дээлэн дээр богино хантааз, нөмрөг сонгон өмсдөг байна. Эдгээр хантааз нь үндсэн даашинзныхаа өнгөтэй ууссан байж болох юм.

Охидын загварын мэдрэмж дээшилжээ
“Монгол костюмс” төвийн загвар зохион бүтээгч Ц.Хулангийн яриаг хүргэе.
-Хонхны баярын захиалга хэр ирж байна вэ. Баярт зориулан хэчнээн төрлийн загвар урлав?
-Захиалга их ирж байгаа. Миний хувьд өөр өөрийн гэсэн онцлогтой 10 гаруй шинэ загвар хийлээ. Гэхдээ бидний зохиосон загварын дээлийг охид тэр бүр байгаагаар нь хийлгэхээ больжээ. Маш мэдрэмжтэй болсон учраас өөрсдийн санааг нэмж, шинэлэг өнгө аяс бий болгохыг зорьдог болсон. Тухайлбал, нэг загвараас захыг нь нөгөө загвараас хормойг сонгох жишээтэй.
-Загвар дагахаасаа илүү өөрийнхөө биеийн онцлогт тохирсон дээл сонгох нь зөв болов уу?
-Ер нь орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхах хүсэл хэнд ч бий. Загварын шинэ өнгө аясаас оруулаад өөртөө тохирсон хэлбэрийг сонгох нь зүйтэй. Магадгүй богино даашинз моодонд орж байгаа ч гэсэн хөл нь тийм ч сайхан харагдахгүй байвал яаж тэрийг өмсөх вэ. Тиймээс хүн бүр биеийнхээ сайхан хэсгийг тодруулсан дээл сонгох хүсэлтэй байдаг. Төгсөлтийн баяр гэдэг утгаараа илүү тансаг дэгжин харагдахыг бүсгүйчүүд боддог байх. Бид ч тэр хүслийг нь биелүүлэхдээ сэтгэл хангалуун байдаг.
-Дээлэндээ тохирсон жижиг цүнх, ээмэг зүүлт хайх нь нэлээд хэцүү байдаг.
-Олон бүсгүй ийм асуудалтай тулгарч байсан байх. Эрчүүдийг бодвол эмэгтэй хүний хувцаслалтад гоёл чимэглэл чухал үүрэгтэй. Манайх дээлний торго, загвартай нь нийцүүлэн авсаархан жижиг цүнх хийдэг. Мөн шүр, сувдаар ээмэг зүүлт ч хийж байгаа. Үндэсний хувцастай сувдан гоёл нийцтэй харагддаг.
-Охид дээл хийлгэхдээ ихэвчлэн ямар материал сонгож байна вэ?
-Торго, түүхий торго л их сонгодог.
Үндэсний хэв шинж сэргэлээ


“Монгол костюмс” төвд дээл захиалан хийлгэхэд ажиллагаа, материал зэргээсээ хамааран 120.000-200.000 төгрөг байна. Материалаа өөрөө өгвөл 80.000-110.000 төгрөгт дээлээ оёулж болох юм. Цүнх захиалан хийлгэх үнэ тусдаа. Мөн ээмэг зүүлтний хослолыг 8000-40000 төгрөгөөр урлаж буй. “Шилмэл загвар” компанид дээл захиалбал 7-14 хоногийн хугацаанд бэлэн болох гэнэ. Мөн л материал, ажиллагаанаасаа хамааран 180.000-280.000 төгрөгт хэлбэлзэж буй. Манайдаа үндэсний хувцасны загвараараа толгой цохидог “Торго” салоны үнэ ханш ч бас танд сонин байж магадгүй. 200.000-250.000 төгрөгөөр дээлээ захиалж болно гэлээ. Мөн ажлын хувцасны “Тосон” үйлдвэрээр орлоо. Тэднийх  үндэсний дээлний шинэ загвар гаргаж хонхны баярын гоёл урлаж эхэлжээ. Торгоо өөрөө авчраад оёулбал 45.000-60.000 төгрөгт багтана. Харин торгоо тэдний дэлгүүрээс сонговол ойролцоогоор 80.000-110.000 төгрөгт хийлгэж болох гэнэ.

 Мөн л богино загвартай дээл урласан байв. Тэд дээлний эмжээр, жижиг чимэглэлд анхаарлаа түлхүү хандуулсан нь туузан чимэглэл гоёлын шигтгээ зэргээс ажиглагдана. Хонхны баярын дээлний загварт материалын сонголт чухал нөлөөтэй. Гэхдээ заавал үнэтэй торго сонгох албагүй. Гоё өнгөтэй даавуугаар өөртөө зохисон дээл хийлгэж чадвал содон өвөрмөц байх болно” хэмээн ярьсан юм. Үнэтэй торго сонгох тусмаа л дээлний өртөг өснө. Тиймээс хүндрэл багатай, хямд үнэтэй дээл өмсөх хүсэлтэй байвал түүний хэлснийг туршиж үзэж болох юм. Загвар зохион бүтээгчид үндэсний хувцасны анхны хэв загвар эргэн ирж байна хэмээн олзуурхаж байлаа. Учир нь өнгөрсөн жилүүдэд дээлний загвар хэтэрхий эвдэгдэж, элдэв чимэглэл, хийсвэрлэл ихтэй авангард загвар моодонд орж байсан юм. Одоо бага зэрэг богино болсон ч товч, шилбэ, зах зэрэг нь дээлний үндсэн шинждээ ойртож байна. Хатуухан хэлбэл хятад загвартай дээл их болсон байсанд тэд санаа зовдог байжээ.
Дээлийг нэг өнгийн торгоор хийдэг байсан нь ард хоцорч донжийг нь тааруулж хийсэн оруулга хүртэл үнэтэй чимэглэлээс илүүд тооцогдох болсон аж.
 

Ангилал : Мэдээ мэдээлэл | Нийтэлсэн : **no name | Уншсан (2886) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл